Байгууллагын тухай

Батлан хамгаалахын Төв архив нь 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсан тэр цаг үеэс өнөө цагийг хүртэлх Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, харьяа анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдол бүхий баримтуудыг  Монгол Улсын “Архивын тухай хууль”, заавар, дүрмийн дагуу эмхлэн цэгцлэх, данс бүртгэлд оруулах, нөхөн бүрдүүлэх, сэлбэн засах, сэргээн сайжруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, хэвлэн нийтлэх, болон иргэд, байгууллагын эрэлт хүсэлтийн дагуу архивын лавлагаа, тодорхойлолт гаргах, судлуулах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Төрийн үйлчилгээний байгууллага.

Цэргийн  архивын  баримтын  онцлог нь:

Монголын  ард   түмэн, түүний  Зэвсэгт  хүчний  үе  үеийн дайчдын  өөрийн  эх  орноо  батлан  хамгаалсан үйл  ажиллагаа, түүхэн замналыг  цаг  үе,  үйл  явдлаар нь  харуулж  байгаад оршино.

Баримтын  тухайд  товч дурдвал:

1921 оны  Ардын  хувьсгалын  үйл  явцтай  холбогдох  баримтууд;

Ардын Хувьсгал ялсны дараа хувьсгалын ололт, тусгаар тогтнолоо хамгаалахад төв ба хязгаар газруудад цэргийн анги,  салбаруудыг байгуулсан тухай;

Ардын журамт цэргээс 1921-1922 онуудад гадаадын цэргийн эсрэг  явуулсан  ажиллагаанууд;

Монгол Ардын Хувьсгалт Цэргийг байнгын цэрэг болгох, морьт цэргээс   моторжуулсан нэгтгэл анги, салбарыг байгуулан бэхжүүлсэн тухай;

Барон Унгерн, Дамбийжанцанг устгасан тухай;

1930-1932 оны  эсэргүү  бослого;

1935, 1936 оны Зүүн Хязгаарын Халхын сум, Булан дэрс, Ар шаварт, Адаг дулааны хилийн зөрчлийг няцаасан тухай;

1939 оны Халхын голын  дайн;

1945 оны  Чөлөөлөх  дайн;

1934, 1947 онуудад баруун хязгаарт болсон хилийн будилааны тухай;

1940-1948 оны  Баруун  хязгаарт  болсон  хилийн  тулгаралтад  холбогдох  болон 1921-1990  он  хүртэлх  Монголын  Ардын  Армийн  түүхэн  хөгжлийг харуулсан  баримтууд  хадгалагдаж  цэргийн түүхийн  судалгааны  гол  хэрэглэгдэхүүн  болж  байдаг.

1990 оноос хойших богино хугацаанд манай оронд ардчилсан үйл явц эрчимтэй өрнөж, нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт явагдав. Монголын нийгмийн дотор өрнөсөн шинэчлэлийн үйл явц архивын салбарыг ч нэгэн адил хамарч түүний өмнө олон шинэ зорилтыг дэвшүүлсэн юм.

Юуны өмнө Архивын үйл ажиллагааны хууль, эрх зүйн актуудыг шинэчлэх, Архивын салбарт төрөөс баримтлах бодлогыг нэн даруй тодорхойлох явдал тулгарч, энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архивын салбарт шинэчлэл хийх төрийн бодлого боловсруулах”, “Архивын ажлыг бэхжүүлэх” талаар 1994.08.29-ний өдрийн 103 дугаар зарлиг, “Архивын талаар авах зарим арга хэмжээний тухай”, мөн “Байгууллагын албан хэрэг хөтлөлт”, “Байгууллагын архивын заавар”-ыг шинэчлэх тухай, Монгол Улсын Засгийн газрын 1994.09.21-ний өдрийн 164, 1995 оны 52, 53 дугаар тогтоолууд гарч улсын хэмжээнд мөрдөж эхэлсэн байна.

Монгол Улсын Архивын байгууллагын түүхэн хөгжлийн талаар товч дурдахад:

            Монгол орон нэн эртний тухайлбал “Хүннү гүрний үеэс бичиг үсэгтэй байж, Төрийн албан хэргийг хөтлөн явуулж ирсэн.” гэж эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг.

            Монголчууд XIII зууны эхэн үеэс буюу 1206 онд Монголын Нэгдсэн Төр улс бүрэлдэж тогтсон үеэс өнөөгийн бидний “Хуучин монгол бичиг” хэмээн нэрлэн, хэрэглэж байгаа бичгийг Төрийн албан ёсны бичиг болгон хэрэглэсэн байна.

            Монгол Улсад анх удаа 1921 оны 11 дүгээр сард шинжлэх ухааны байгууллагын тулгийн чулуу болох “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсан нь манай орны  нийгэм соёлын түүхэнд хамгийн чухал үйл явдал болжээ.

            Судар бичгийн хүрээлэнгийн 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан 10 дугаар хурлаар тус хүрээлэнгийн газарт үүсэж хуримтлагдсан баримт бичгийг дагнан хариуцаж ажиллах нэгэн орон тоо бий болгож, ажиллуулснаар Монгол Улсын өнөөгийн архивын байгууллагын эх үндэс тавигдаж, архивын алба албан ёсоор ажиллах батлагдсан орон тоотой, эрхлэх эзэнтэй болж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

            БНМАУ-ын СнЗ-ийн 1941 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хурлаар архивын ажил байдлын тухай авч хэлэлцээд 50 дугаар тогтоолыг гаргаж, “БНМАУ-ын архивын дүрэм”-ийг анх удаа батлан мөрдүүлжээ.

            БНМАУ-ын СнЗ, МАХН-ын Төв Хорооны УТТ- ны 1957 оны 2 дугаар сарын  хавсарсан хурлаар “Төв орон нутгийн архивын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” авч хэлэлцээд гаргасан тогтоолд: Улсын архивын байгууллагын ажлыг бүх талаар эрс сайжруулах, ШУХ-гийн харьяанд Улсын архивын хэргийг эрхлэх төв газрыг байгуулж” түүнд Монгол Улсын хэмжээнд архивын бүх хэргийг удирдан гүйцэтгэх үүргийг даалгажээ.

            Энэхүү тогтоолын дагуу “БНМАУ-ын архивын хэргийг эрхлэх төв газрын дүрэм,” БНМАУ-ын архивын улсын фондын дүрэм”-ийг  тус тус боловсруулж СнЗ-ийн 1958 оны 176-р тогтоолоор батлуулан мөрдсөн байна. Уг тогтоол нь Монгол Улсын архивын байгууллагын хөгжлийн шинэ үеийн эхлэл болсон байна.

            1957 онд аймаг, хотын улсын архив 18, Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны архив, Хууль цаазын улсын архив, БНМАУ-ын  яам, тусгай газар байгууллагын архив 19, улсын хэмжээгээр бүгд 40 шахам улсын болон байгууллагын архивууд шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

            БНМАУ-ын СнЗ-ийн 1960 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлаар ШУХ-гийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, тус хүрээлэнгээс Улсын архивын хэргийг эрхлэх төв газар ба Улсын төв архивыг салган  БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны харьяанд шилжүүлжээ.

            Мөн СнЗ-ийн  1984 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар “Архивын ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” хэлэлцээд 71-р тогтоол гаргажээ.

            Уг тогтоолоор “УАХЭГ-ын дүрэм,” “БНМАУ-ын архивын сан хөмрөгийн дүрэм”-ийг тус тус шинэчлэн баталж, архив бичиг хэргийн ажлын байдалд улсын үзлэгийг  1984-1990 онд явуулж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авах, бичиг хэргийн ажлын нэгдсэн стандарт боловсруулж мөрдөх, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн алдар гавьяат хүмүүсийн дурсамж яриа дурдатгалыг архивт авч хадгалах, архивын ажилтнуудад мэргэжлийн зэрэглэл тогтоох зэрэг чухал арга хэмжээнүүдийг дурдаж заасан байна.

            Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 оны 2 дугаар сард Үндэсний төв архивын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ажилтнуудтай ярилцахдаа: ”Монгол Улс эрдэнэсийн 2 сантай. Эрдэнэсийн нэг сан нь Монгол банкин дээр төвлөрдөг, Монгол Улсын эрдэнэсийн сангийн хуулиар зохицуулдаг эд өлгийн зүйлүүд байна. Нөгөөх нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон төрийн түүхийн архивын сан хөмрөгийн баримт юм.” гэж үнэлсэн байдаг.

            Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор архивын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, УИХ-н чуулганаар хэлэлцэн 1998 оны 1 дүгээр сард баталсан байна.

            Ийнхүү архивын тухай анхны хуульд Монгол Улсын Үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн,  архивын баримтын хадгалалт хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү хуулийн зорилт оршино гэж заажээ.

            1990 оны 3-р сарын 16-ны өдрийн СнЗ-ийн  тогтоолоор архивын сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтыг сайжруулан, улс олон нийтийн байгууллагуудын архивыг нэгдсэн удирдлагаар хангах шаардлагын  үүднээс НАХЯ-ны дэргэдэх Улсын архивын хэрэг эрхлэх газрын харьяаллыг өөрчилж СнЗ-ийн дэргэдэх байгууллага болгосон байна.

            1990 оны сүүлчээр УАХЭГ-ыг  хууль зүйн арбитерийн яамны ,1992 оны 5-р сараас Засаг захиргааны яамны, 1993 оны 5 дугаар сараас Засгийн газрын шинэ хуулийн дагуу УАХЭГ-ыг дахин хууль зүйн яамны харьяалалд шилжүүлжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 1996 оны  12 дугаар сарын 5-ны өдрийн 297-р тогтоолоор УАХЭГ-ыг хууль зүйн сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Үндэсний архивын газар болгон өөрчлөн ажиллуулжээ.

            Монгол Улсын архивын байгууллага нь улс орны туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиг баримтын хэлбэрээр илтгэн харуулж байдаг манай улсын соёлын үнэт өв бөгөөд Монгол Улсын архивын байгууллагын түүхийг  4 үе болгон авч үздэг юм байна. Үүнд:

  • /1921-1940 он/ Монголын Улсын архивын байгууллагын эх үндэс тавигдаж, баримт бичгийг эрж хайж цуглуулан, бүртгэл тооцоонд оруулах, улмаар цуглуулсан баримтдаа түшиглэн Монгол Улсын туулж өнгөрүүлсэн түүхийн бүтээлүүд  хэвлэгдэж эхэлсэн үе.
  • /1940-1956 он/ Улсын Төв архивын дүрэм заавар анх удаа батлагдаж, тус байгууллага зохион байгуулалтын шинэ бүтцээр өргөжин ажиллаж баримт бичигт анхны боловсруулалт хийх, түүнийг судалгааны эргэлтэд оруулж эхэлсэн үе.
  • /1957-1990 он/ Яам, газар, албан байгууллагууд,  аймаг хотын архивууд байгуулагдаж, улсын хэмжээнд архивын албаны нэгдсэн тогтолцоо бүрдэж, архивын албаны болон архивын дотоод фондын дүрмүүдийг шинээр батлан гаргаж, шинэ дүрэм журмын дагуу баримт бичгийг орчин үеийн архив зүйн дагуу ангилан цэгцэлж, данс бүртгэлд оруулж эхэлсэн архивын байгууллагуудын үйл ажиллагааны шинэ үе. Энэ үед архивын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, архивын албаны гадаад харилцаанд  ахиц гарсан байна.

            1950-иад оны дунд үеэс 1990-ээд оны эхэн үе хүртэлх хугацаанд  ЗХУ-ын Москва хотын Түүх Архивын дээд сургуулийг 60-аад хүн төгсөж Монголын архивын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

            /1990-2014 он “Архивын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэл” гарч, “Архивын тухай хууль” анх удаа батлагдан мөрдөгдөж, архивын ажилд шинжлэх ухаан технологийн шинэ ололт нэвтэрч ажлын цар хүрээ, бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжиж, Монгол Улсын архивын алба, олон улсын архивын зөвлөлийн гишүүнээр элсэн орж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож эхэлсэн үе.

            НҮБ-ын ЮНЕСКО-ийн дэргэд 1948 онд байгуулагдсан олон улсын архивын зөвлөл /ОУАЗ/-ийн үйл ажиллагаа өргөжин өнөөдөр дэлхий 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын архивын байгууллагын техник технологи, эдийн засаг, ажил мэргэжлийн болон боловсон хүчнээр  туслан дэмждэг  НҮБ-ын доторх  нэр хүндтэй байгууллагын нэг юм.

Олон Улсын Архивын Зөвлөлийн /ОУАЗ/ үндсэн зорилго нь:

  • Дэлхийн бүх улс орнуудын архивын байгууллага болон архивын ажилтнуудын  ажлын уялдаа холбоог  дэмжиж сайжруулах;
  • Олон улсын архивын байгууллагуудын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулах;
  • Баримт бичгийг он  удаан жил хадгалж, хамгаалах нөхцөлийг сайжруулах, тохиолдож болох гэнэтийн аюулаас  урьдчилан сэргийлэх, архивын үйл ажиллагааны талаар  санал мэдээлэл солилцох;
  • Архивын баримт бичгийг ашиглах ажлыг хамгаалах, нийтэд баримтыг өргөн судлуулах, баримт солилцох боломжийг өргөжүүлэх, баримтын хувь хуулбар бэлтгэх зэрэг асуудлуудаар бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Улс орнуудын архивын салбарын бүх төрлийн үйл ажиллагааг нэгтгэж чиглүүлэх, баримт бичигтэй харьцах талаар олон улс орнуудын хэмжээнд хуримтлуулсан тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, түүнийг дэлхийн хүн төрөлхтний тусын тулд зориулахад оршино гэж заажээ.

            1990 онд Монгол оронд нийгмийн бүхий л салбарыг хамарсан ардчилал, шинэчлэлийн үйл явц, архивын салбарыг  хамарч Монгол Улсын архивын  байгууллагын гадаад харилцаанд  ч ахиц гарсан байна.

            Монгол Улсын архивын байгууллагаас Олон улсын архивын зөвлөлд 1990 оны 10 дугаар сард гишүүнээр элсэх хүсэлтээ тавьсан бөгөөд ОУАЗ, Монголын архивын байгууллагын  хүсэлтийг  авч хэлэлцээд  Монгол Улсын  архивын байгууллага 1990 оны 11 дүгээр сарын 8-нд ОУАЗ-ийн гишүүнээр элссэн байна.

            Ийнхүү Монголын архивын байгууллага ОУАЗ-д гишүүнээр элссэнээр  ОУ-ын архивын байгууллагуудын  ололттой  танилцаж, өөрийн үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэх, улмаар  ОУАЗ-ийн ээлжит хуралдаануудад манай архивын байгууллагын  төлөөлөгчид  оролцох  болсон байна.

Батлан хамгаалахын Төв архив

            Цэргийн яаманд 1921 оны 7 дугаар сараас бичиг зохиох хэлтэс бий болж Цэргийн удирдах байгууллагаас гаргах нууц, илт тушаал заавар, албан бичгүүдийг боловсруулан төлөвлөж, холбогдох газруудад тарааж эх хувийг тусгай бүртгэж хаяглах журамтайгаар ажиллаж эхэлсэн байдаг.

            Хувьсгалын анхны жилүүдэд Монгол Улсын нийгэм улс төрийн амьдралд Зэвсэгт хүчний үйл ажиллагаа зонхилох үүрэгтэй болж, Улс орныг Батлан хамгаалах хэрэгцээ шаардлагын дагуу төв болон хил хязгаарт цэргийн анги, салбарууд олноор байгуулагдаж, Бүх Цэргийн Зөвлөлөөс Ардын Журамт Цэргийг байнгын цэрэг болгох, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, зохих албан тушаалд томилон ажиллуулах, цэргийн анги салбаруудыг байлдааны зэвсэг техникээр хангах, орон тоо, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, байлдааны болон улс төрийн бэлтгэл сургуулийн тогтолцоог бий болгох, цэргийн төрөл бүрийн дүрэм, заавруудыг боловсруулан мөрдүүлэх зэргийг  Цэргийн яам, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин штабаас шийдвэрлэх явцад олон нэр төрлийн баримт бичгүүд хуримтлагдаж эхэлсэн.

            Үүнтэй уялдаж Цэргийн яамнаас баримт бичгийн боловсруулалт, түүний нууц хадгалалт, хамгаалалтыг  сайжруулах, тэдгээрийг хариуцан эрхлэх хэлтэс, тасгийг байгуулан ажиллуулж, дагаж мөрдөх дүрэм, зааврыг боловсруулан үйл ажиллагаанд нь мөрдүүлсэн бөгөөд 1921-1939 оны дунд үе хүртэл Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, ард иргэд, цэргийн анги нэгтгэлүүдээс ирүүлсэн мэдээ, тайлан илтгэл, рапорт, өргөдөл хүсэлт, бусад баримт бичгүүдийг Цэргийн Яамны ерөнхий хэлтсээс эрхлэн хүлээн авч, данслах, тараах, хадгалах, зэргээр шийдвэрлэж байжээ.

            1921 оны дунд үеэс мөрдөж байсан БНМАУ-ын ЦЯЯ-ны дүрмийн  /38-ын 11-р зүйлд/ Цэргийн яамны ерөнхий хэлтсийн гүйцэтгэвэл зохих үүргүүдийн дотор “Цэргийн яамны хуучин хэрэг, хараа дансыг эрхлэх ба тэдгээрийг хамгаалах” гэж дурдсан байдаг.

            Энэ үеэс ЦЯЯ, МАХЦ-ийн Жанжин штаб, түүний харьяа анги, байгууллагууд өргөжин  бэхжиж, гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр илт ба нууц, бичиг баримтын тоо хэмжээ ихсэж байсан байна. Энэхүү хуримтлагдаж бий болсон баримт бичгүүдийг төрөл ангиар  нь, он оноор нь, ялгаж цэгцлэх, хадгалах, цаг үеэ өнгөрүүлсэн цаашид хэрэгцээ шаардлагагүйг нь авч хэлэлцэн устгаж байхыг заажээ. Энэ цаг үеэс хариуцах эзэн хадгалах байр, архивыг байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            1939 оны Халхын голын байлдаанд оролцсон МАХЦ-ийн  6, 8 дугаар морьт дивиз, 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хороо, Баянтүмэний сөнөөгч бөмбөгдөгч онгоцны I хороо, хуягт бригад болон бусад анги, салбаруудын байлдааны ажиллагааны тухай илтгэл, мэдээ мэдээлэл, Халхын голын фронтын галын шугаман дээр  МАХЦ-ийг  командалж байсан БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх Цэргийн жанжны орлогч, Цэргийн улс төрийн газрын дарга, корпусын комиссар, Ж.Лхагвасүрэн, МАХЦ-ийн  жанжин штабын дарга, дивиз командлан захирагч Ж.Цэрэн нарын гаргаж байсан байлдааны тушаалууд, мөн фронт дээр гарч байсан “Эх орны төлөө” сонины бүх дугаарууд, төв орон нутгийн засаг захиргаа, нам, олон нийтийн байгууллагууд, ард иргэдээс байлдаж байгаа МАХЦ-ийн  нэгтгэл ангиудын дарга, улс төрийн ажилтан цэрэг дайчдад ирүүлсэн олон тооны захидал, цахилгаан түүнчлэн фронтын ангиудаас явуулсан хариу захидлууд нь тухайн үед ердийн нэг захидал бичиг байсан бол өнөөдөр түүхийн маш их үнэ цэнтэй баримт болсон байна.

            Тухайн цаг үед болсон үйл явдлын түүхэн үнэний баталгаат гэрч болох баримт бичгүүд хуримтлагдаж, тэдгээр бичиг баримтыг зүй зохистой хадгалах, хайрлан хамгаалах явдал хойшлуулшгүй шийдвэрлэвэл зохих асуудал болон тавигдсан байна.

Цэргийн архив байгуулагдсан нь:

            Бий болсон нөхцөл байдал, шаардлагатай уялдуулан “Цэргийн яам ба Улс төрийн газрын бүх хуучин оны бичиг хэргийг эмхлэн цэгцлэх ба архивыг байгуулах тухай” ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогчийн 40 тоот тушаал, 1939 оны 5 сарын 8-ны өдөр гарчээ.

ТУШААЛД:

            Нэгдүгээр зүйл:

Цэргийн яам, Улс төрийн газар хийгээд түүний харьяа газар, хэлтсүүдийн өнгөрсөн оны бичиг хэргүүд нь ямар ч эмх журамгүй бөгөөд алдаж осолдоход хялбар дөхөмтэй бөгөөд илт, нууц болон аль оны хэрэг болох нь үл мэдэгдэх зэргээр холилдон самуурч, нууцын ба бичиг хэргийг хэрхэн хөтлөх тухай тушаал, заавраас ангид явж ирсэн болох нь илэрхий тул энэ бүхий балар булианыг эрс өөрчилж хойшид хэрхэн хөтлөх ба хадгалж хамгаалах, тухай ажлыг чадвартайгаар зохион байгуулж, гүйцэтгэх тухай хариуцлагатай комиссыг томилох, үүнд комиссын даргад,  дарга нарын газрын дарга Загдгочоо, гишүүдэд улс төрийн газрын шинэ хүчний тасгийн дарга Лувсангомбо, зургаадугаар хэлтсийн Ядамцоо, нэгдүгээр хэлтсийн Очирбат, улс төрийн газрын зохиолын хэлтсийн дарга Чогдон, эвлэлийн ажлын зааварлагч Санжмятав нарыг томилж, Жанжин штаб ба Улс төрийн газар хийгээд түүний харьяа бүх хэлтэс газруудын хуучин оны бичиг хэргийг эмхэтгэн цэгцэлж, 5 дугаар сарын 20-ны наана актыг гаргаж, архивыг байгуулан гүйцэтгэх явдлыг комиссын даргад даалгасугай.

            Хоёрдугаар зүйл:

            Энэхүү комиссууд нь Жанжин штаб ба Улс төрийн газар хийгээд түүний газар хэлтсүүдийн урьд онуудын нууц, маш нууц бичиг хэргийн эмх журмын сул доройг үндсээр нь илрүүлэн гаргаж, хойшид хэрхэн хадгалах, эмх журмын тухай армийн хэмжээн дээр дагаж шийтгүүлэх тодорхой актыг гаргаж архивыг байгуулан гүйцэтгэсүгэй.

            Гуравдугаар зүйл:

            Хуучин оны хэргийг илт нууцаар анги ялгаварлаж, түүнийг дагаж шийтгэх ба түүнд холбогдох зүйлийг үүрд хадгалах акт товьёгийг зохиох, дагаж шийтгэхгүй бөгөөд түүнд үл холбогдох зүйлийг акт тогтоож устгах, ийм гурван ангиар комисслох бөгөөд энэ тухай ажил дээр сургагч, мэргэжилтэн нарын удирдлага тусламжийг ажил тутам хүлээн ажилласугай.

Хэрхэн комисслож архивыг байгуулан гүйцэтгэснээ 5 дугаар сарын 20-ны наана акт илтгэлээ надад илтгэн батлуулж, зүйл дуусгахыг комиссын дарга Загдгочоод даалгасугай.

            Жич: Энэхүү комисслох хэрэгт 4 дүгээр газрын бүх бичиг хэргүүд, 6 дугаар хэлтсийн шифрийн хэрэг үл хамаармой.

                                                ЦЭРГИЙН ЯАМНЫ САЙД, БҮХ ЦЭРГИЙН ЖАНЖНЫ ОРЛОГЧ

                                                КОРПУС КОМАНДЛАН ЗАХИРАГЧ  Ц. ЛУВСАНДОНОЙ 

гэж бичигдсэн байдаг.